XVII жарны Харшлалт хэмээх Үхэр жилийн мэндчилгээ

Wednesday, February 25, 2009 |


Эрхэм хүндэт блогчиддоо сар шинийн мэндийг хүргэхийн ялдамд ирж буй XVII жарны Харшлалт хэмээх Үхэр жил та бүхний амьдралд аз жаргал, ажил хөдөлмөрт тань амжилт сайн сайхны дээдийг арвижуулж, эрдэм ухааны олз их, эрхэм хүслийн мөрөөдөл арвин, блог дүүрэн бичлэг, богц дүүрэн олзтой байхын өлзийтэй ерөөлийг Монголын Блогчдын Холбооноос өөд өөд нь өргөн дэвшүүлж байна.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

SOS!!!-2

Thursday, January 8, 2009 |

Эрхэм уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Монголын Блогчдын Холбооны зорилгод хүмүүнлэг буяны ажил голлох үүрэг гүйцэтгэдгийг энэ ялдамд дуулгах хэрэгтэй болов уу? Энэ зорилгод бид чадах бүхнээ хийн хүрэхийг эрмэлздэгийг та бүхэн анзаарсан буй заа.

Өнөөдөр бидэнд нэн чухал ажилд гар, бие, сэтгэлээрээ оролцох шаардлага гараад байгааг дуулгамаар байна.

Номуун хэмээх хөөрхөн охинд бидний чин сэтгэлийн тусламж тун яаралтай хэрэгтэй болсон байна. Номуунаа маань ээж аав, эмээ өвөө, ах эгч нарын баяр баясал гэрэл гэгээ. Энэхэн бяцхан Монгол охиныг хэлж ирдэггүй хийсч ирдэг хүнд өвчин зовоож байгаа нь сэтгэлийг шаналган өрөвч сэтгэлийн утсыг хөндлөө.

Тэрээр одоо ээж аавынхаа хамт эмчилгээ хийлгэхээр алс харийн улсыг зорисон бөгөөд урт хугацааны турш хийж чадахгүй байсан өвчний оношыг Тайландын Бумрунград Хоспитал-ын эмч нар тодруулжээ. Номуунаа охины цээжинд нь маш том хавдар илэрсэн бөгөөд тэр нь цааш нуруу нугасны мэдрэлийн судсыг ороож дарсан тул охин бүсэлхийнээсээ доош мэдээ алдах өндөр магадлалтай байгаа юм байна. Энэ нь хөлөө хөдөлгөх, өтгөн шингэнээ хянах чадваргүй болох үр дагаварт хүргэх аюултай юм.

Одоогийн байдлаар Номуунд 4 сар үргэлжлэх химийн эмчилгээ хийгдэж байгаа бөгөөд энэ нь хавдрыг нь агшаах зорилготой юм. Эмчилгээний үр дүнгээс шалтгаалан хагалгаа хийгдэх магадлалтай. Статистикийн мэдээллээс харахад нейробластома хавдартай 1-ээс доош насны хүүхдийн эмчлэгдэх магадлал түүнээс дээш насны хүүхдийнхээс 30-35% илүү байдаг байна. Энэ нь Номууныг эдгэрүүлэх их найдвар байгаа бөгөөд бүхий л сэтгэл зүрхнээсээ тусалж дэмжихийг хичээж байна.

Эрхэм уншигч буян сэтгэлт таныг цөөхөн Монголчуудынхаа нэгэн эс бяцхан Номуун охинд тусламжийн гараа сунган туслана уу хэмээн чин сэтгэлээсээ хүсэх байна.

Монголын Блогчдын Холбоо 2009 оны 01 сарын 09-ний өдөр Голомт банкинд хандивын данс нээлээ. Байгууллагын бус хувь хүний хандивын данс нээлгэхээс өөр боломж байгаагүй гэдгийг мэдэгдмээр байна.

Голомт банк

Хүлээн авагч: Б.Батхүү

Төгрөгийн:1501168040
Валютын: 1501168052 хандивын данс нээлээ.

Тус хандивын данс өмнөх үйл ажиллагааны нэгэн адил хоёр хүний гарын үсгээр (3apaa-Б.Батхүү Регистр: ХБ74081671, Stormy-Я.Баярбаатар Регисрт: ХВ79011818) баталгаажуулагдан зардал гаргах бөгөөд тус дансны мэдээллийг цаг тухайд нь энэ блогт мэдээллэж байх болно.

Тус дансанд Монголын Блогчдын Холбооноос 10.000 төгрөг, 10 ам.доллар хандивласнаар SOS!!!-2 хүмүүнлэгийн аяныг эхлүүллээ.

Өмнөх сайн үйлсийн ажлын туршлагын дагуу хандив цуглуулж хүрэх ёстой эзэнд нь хүргэх болно. Бидний өмнөх буяны ажилд итгэж хандив өргөсөн нөхөддөө гүнээ талархал илэрхийлж байна.

Монголын блогчдын холбооны 2008 оны үйл ажиллагааны тайлан

Wednesday, January 7, 2009 |

1. 2008 оны 07 сарын 18 өдөр 18.30 цагт "Хууль Зүйн Үндэсний Төв"ийн хурлын зааланд Монголын блогчдын холбоо гэдэг нэрийн дор нэгдэн анхны уулзалтаа зохион байгуулан байгууллагын цаашдын зорилго, хийх ажил, удирдлагуудыг томилов. Энэхүү уулзалтанд Монголын бүх блог сайтуудын төлөөлөгчид оролцон санал бодлоо солилцосон юм. Тус уулзалтад нийт 60 гаруй блогчид хүрэлцэн ирсэн байна.

2. 2008 оны 7сарын 1-ний явдлаар урлагын байгууллагын ховор бүтээлүүдийг сэргээх зорилготойгоор хандивын дансны үйл ажиллагааг 20 хоногийн турш зохион байгуулав. Нийт 31 блогчдын хандиваар боссон 1.279.000 төгрөгийг хамгийн их хохирол амссан уран зургийн галлерэйд 7 сарын 30ны өдөр хандилав.

3. 2008 оны 08 сарын 30-ны 11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнгийн уулзатын танхимд ноён Баабартай уулзах чөлөөт уулзалтад хийн 30 гаруй блогчин оролцож өөрийн үзэл бодлоо ярилцан, мэдээлэл солилцсон юм.

4. 2008 оны 9 сарын 13 ны өдрийн хагас сайн өдөр чөлөөт цагаа зөв болоьсон өнгөрөөх, эрүүл чийрэг амьдрахыг уриалан блогчдын дунд сагсан бөмбөг, ширээний теннисний “нөхөрсөг тэмцээн”-г зохион байгуулав. Тус тэмцээнд сагсан бөмбөгт 25 блогчин, ширээний теннисэнд 23 блогчид амжилттайн оролцов. Сагсан бөмбөгийн тэмцээнд нийт “Үлэмжийн чанар”, “Драптс”, “5 толгой”, “Боргиочид” багууд оролцон Үлэмжийн чанар байг түрүүлэв. Харин ширээний теннисийн тэмцээнийн эрэгтэйчүүдийн төрөлд Эрка, эмэгтэйчүүдийн төрөлд Ицми тус тус түрүүлсэн юм.

5. Мөн энэ оны 11 сарын 21ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын 11 жилийн сургуулийн сурагчдын урилгаар “Блог бидэнд юуг өгөх вэ?” сэдэвт уулзалт семинарыг зохион байгуулав. Үүнд нийт 150 гаруй хүүхэд хамрагдав.

2008 онд блогчид нэгдсэнээс хойш дээрх ажлуудыг хийсэн байна. Дараа жил та бүхний оролцоотойгоор бүүр ч олон үйл ажиллагаа зохион байгуулна гэдэгт итгэж байна.

Хүндэтгэсэн: Мика

Баянчандманийн тайлан

|





Өнгөрсөн долоо хоногт Баянчандмань явъя гэж баахан амьтан хүнийг татаж чангаав. Хамаг л таньдаг мэддэг блогчиндоо санал хүсэлт тавив. Ажлын өдөр байснаас ихэнх хүний зав зай болохгүй байв. Тэгээд Банжигийн Гамп, Гөүгөү-н Үлэмж, саармаг Зараа, бид 4үүлээ 4 цагт УБ-с Баянчандмань-н зүг гархаар болов.
Баянчандманаас явуулсан машинд суугаад эхлээд Гампыг ажлаас нь очиж авчаад, Үлэмжийг центерпойнт дээр ир гэж зарилагдчаад зам дээр торойж буй Зараа дээр ирлээ. Гэтэл Зараа ах хордлого авчихсан, дээшээ ч харж чадахгүй хамаг хөлсөө гоожуулчихсан замын хашлага дээр сууж байлаа /Юунд хордсоныг нь хэлээгүй шдээ/. Харваас аймар муу байгаа хүнийг авч явж уулын мухарт баллаад яахав гэж бодоод үлдээхээр шийдэв.
Биднийг явах гэж мунгинаж явах зуур гөү гөү-н Дэвдээхэй Зараа ахаасаа бичгийн цаас авхаар ирсэн байж таарав. Дэвдээхэйд хэлтэл цаадах чинь явмаар байна гэв. Тэхдээ юутай ч Зарааг гэрт нь хүргэж өгөөд ирий гээд яваад өгөв. Ингээд Гамп, Үлэмж, бидэн 3 яг явхыг завдан суутал үнэн санаачлагатай Сторми өөрийн машинтайгаа "би явнаа" гээд хүрээд ирсэн. Цаг давчуу, хүүхдүүд цугларсан, багш утасдаад, жолооч яараад байсан учир Стормиг араас хүрээд ир гэчихээд 3уулаа гараад шидцэн.
Замдаа Үлэмж лекц бэлдээл аргагүй л багш хүн шиг байв. 30 минут хүрснүү үгүй юү ниссээр Баянчандманьд хүрээд ирэв. Сургуулийн үүдэн дээр багш тосч аваад дотогш орууллаа. Ямар ч байсан жолооч бол ФОРМУЛА-д уралдаж байгаа ШУМАХЕР шиг л давхиж байсныг хэлэхгүй бол болку байх. .


Орсон чинь аягүй хөөрхөн жижкэн жижкэн хүүхдүүд өндөлзөөд, бондойгоор суучихаж. Нилээн олуулаа байнаа. Нийтдээ 150 гаруй хүүхэд цугларсан гэсэн. Бид жоохон хоцорч очсон тул иртэл нь гээд урлагын тоглолт зохион байгуулсан байв. Орсны дараа биднийг тайзан дээр гаргаж суулгаад 2 сурагч морин хуур дарж өгөв. Аянд нь сайхан уяраад авсан.

Тэр хүүхдүүд цугласан өрөө ямар хөөрхөн байсан гээч, Яг шинэ жил болох гэж байгаа юм шиг саа, шаараар чимэглэсэн байсан. Хүүхдүүд ёстой бондгор, хайрлахгүй байхын аргагүй гэдэг шиг харагдаж байсан. Бид 3-г байнга дагуулж хараастай. ккк

Ингээд хүүхдүүдэд зориулан Үлэмж ах лекцээ уншив. Лекцэнд интернэт гэж юу вэ, блог гэж юу вэ?, хүмүүс яагаад блог бичдэг, ямар ач холбогдол нь юм? гэх мэт асуултуудад хариулт өгөхүйц мэдээлэл байлаа. Гамп ах блогыг хүүхдүүдийн амьдралтай холбож ярьхыг зөвлөсөн. Дараа нь би жоохон напи напи хийжаагаад маргааш өглөө 11 цагт хүүхдүүдтэй дахин уулзахаар тохироод тэр өдрийн ажилаа дуусгав. Ярьж байх үеээр хүүхдүүд аягүй хөөрхөн чимээгүй сонсоод, анхааралтай сууж байсан. Ганц нэг хүнийг эс тооцвол /атман, тэжээлийн блок нарыг дурьдсангүй. Түрүүлж очсон хүмүүс аппаратгүй байсан учир ямар ч зураг авч чадаагүй/.


Ажилаа дуусгаад мэдээлэл зүйн өрөөнд нь орлоо. Хамаа намаагүй өрсөн, угсарсан компютер байхийг олж харлаа. Дээр нь АМ ЦАНГАВ гээд биччихэж. Хархад ёстой сонин, бас гайхалтай. Тэр компюьерийг хотын нилээд гайгүй сургуулиас ч олохгүй байх. Энэ бүхнээс мэдээлэл зүйн багш ямар идэвхи санаачлагатай болох нь харагдаж байсаан.
Мэдээлэл зүйн өрөөнөөс 5 алхаад л бидний байрлах 5 ортой өрөө байдаг юм билээ. Түрүүчийн бичлэг дээр тавьсан зурагнаас хамаагүй тохилог, сайхан өрөө байсан.
Өрөөндөө хальт орчоод хоол идхээр гал тогоонд ирэв. Тогооч эгчийн хийсэн, орги гурилтай шөл. Тасархай амттай /хоолыг нэр хүндтэй идэх тухай бичээгүй/.



Хоолоо идээд сууж байтал араас манай хэсэг блогчид ирлээ гэж дууддаг байгаа. Гараад хартал 2 машин дүүүрэн хүн. Тодруулбал Сторми ахын цуглуулж ирсэн Гадаад хэл, Дэвдээхэй, Компот, Зараа, Сайнаа, Май газар, Анимэ гэсэн нөхдүүд байлаа. Тэднийг багш дагуулж орж хоол идүүлээд, дахиж нэмж 6 ортой өрөө гаргаж өгсөн. Ингээд хүмүүс хоорондоо пан пан хийж байгаад нилээн орой унтах шиг болсон.
Маргааш өглөө эртэч ах Гампаар сэрээлгэсэн манай өрөөний 4 хүн /Гамп, Үлэмж, Гадаад хэл, Би/ босоод Үлэмжээр хажуу өрөөний 7 хүнийг /Зараа, Дэвдээхэй, Анимэ, Сайнаа, Компот, Сторми, Май газар. Манай өрөөнд байсан 2 сул орыг тоохгүй, хажуугийн өрөөнд бөөнөөрөө хэрхэн унтсаныг хэлкүэ/ сэрээлгэв.


Эрт боссон зарим залуус маань очиж хүүхдүүдэд туслан мод түлээ хагалаж өгч, хоорондоо найзууд шиг л байсан гэжугам. Хөдөөний сургуулийн хүүхдүүд өөрсдөө гал түлээгээ бэлддэг юм билээ.
Тэгээд цайгаа уучаад өглөөний цэвэр агаар амигалангаа ууланд гарч хийморио сэргээгээд авав. Багш тэндхийн сонин сайханг ярьж, манай хэд бие биенээ хөгжөөж явлаа /Үлэмж цасан дээр хөлөөрөө нэр бичсээд байсныг , Май газар замын цагдаа хийснийг хэлсэнгүй кк /.
Эргэж ирээд сууж байтал сургуулийн захирал багш биднийг хүлээн авч уулзая гэж дуудуулсан юм. Нэгэнт ирсэн хүмүүс чинь сургуулийн захиралыг хүртэл блог бичих ажилд уруу татаж, санал сэтгэгдэлээ солилцов. Хүмүүс ингэж их сэтгэл гаргаж байгаад нь ёстой их баярлаж, хайр хүрсээр явсан.



11 цагт мэдлээлэл зүйн өрөөнд орж ирсэн хэсэг хүүхдүүдтэй блогын тухай ярилцаж, асуусан асуултанд нь хариулж суув. Тэр зуур Баянчандмань-н сургууль маань өөрөө блогтой болов. /Зараа ах сүйхээтэйгээрээ гялс гөү гөү дээрээ нээгээд өгснийг дурьдаагүй шүү/ Хаяг нь: http://bayanchandmani.blog.gogo.mn манай блогчид зав зайтай үедээ орж байхгүй юу.

Бас нэг сэтгэл хөдлөгөсөн зүйл бол тэр сургуулийн 8-н Б ангийн сурагчид /Зураг дээр 8Б-нхан/ багшийн оролцоогүйгээр өөрсдөө хийсэн гээд дурсгалын самбар бэлэглэсэн. Ёстой хөөрхөн. /Самбараа дараа харуулнаа./



Нэг ч гэсэн блог нэмээд гэрийн зүг давхицгаав. /замдаа юу ярьсныг орхисон/
Тэнд өнгөрөөсөн нэг өдөр үнэхээр дурсгалтай сайхан байлаа. Сэтгэл гарган хамт явсан блогчин андууддаа бас биднийг чих тавин сонссон хүүхдүүддээ, сургуулийн удирлагуудад маш их баярлалаа.
Блогчидтой уулзсанаар тэр сургуулийн нилээн хэдэн хүүхэд блог бичихээр шийдсэн байх гэсэн найдвар өвөрлөсөөр гэртээ ирэв...
Жич: Миний бичээгүй болон, ам ч нээгээгүй элдэв хошин, инээдмийн юмнуудыг манай алдартай нөхөр Гамп блог дээрээ бичих байхаа.

Энэ бичлэгийг нийтлэж байх үед тэндхийн сургуулийн нэг хүүхэд мснжрээр блог нээсэн тухайгаа хэлж байна. Гөү гөү дээр нээсэн байна. Архагууд сайн туслаад хүн болгоод авна биз. Блог хаяг нь: http://xuvilgaan.blog.gogo.mn/ . За бүгдэнд нь амжилт хүсье.

Баянчандманьд хайр хүрээд..

|

Одоогоос 2 сарын өмнө өглөө ажилдаа ирээд мэйлээ шалгав. Жи-мэйлд маань Төв аймгийн Баянчандмань сумын нэгэн 10 жилийн сургуулийн мэдээлэл зүйн багшийн бичсэн захиа ирсэн байна. Тэрээр захиандаа: Bi bolon manai suragchid tanii blog-oor zochilon orox durtai tiimees blog-iin talaar tuunii ach xolbogdoliim talaar online iltgel taviad ogoochoo gesen xuseltiig tavij bna. Tov aimgiin Bayanchandmani sumiin suragchid ooriin ireeduigee ooroor xarax bolomjiig olgono gedegt ix naidaj bna. Medeelel zuin basg... гэсэн байлаа. Миний блог бичдэг, хүүхдүүдэд илтгэл тавих гэж юу байхав. Гэхдээ л энэ захиаг аваад их урамшсан юм. Миний блогруу ордоггүй хэсэг, хараад гардаг хэсэг, сэтгэгдэл үлдээдэг хэсэг, мэйл бичдэг бас хэсэг хүмүүс байдаг. Мэйл бичдэгүүдээс нь гэвэл сайхан блог байна, үүнтэй санал нэгдэж байна, энийг хүлээн зөвшөөрөхгүй байна, блогоор чинь үргэлж ордог, танилцая... гэх мэтчилан. Гэтэл энэ удаагийнх шиг хүүхдүүдийн ирээдүйд өөрийнхөө хувь нэмрийг өчүүхэн ч гэсэн оруулаач гэсэн мэйл нэг ч ирээгүй билээ. Захиаг аваад бодсон. Би тэр хүүхдүүдэд туслаж чадах болвуу? гэж.. Тэгээд юутай ч гэсэн онлайнаар яаж яриа хийх, ямар боломжтой, хэдэн хүүхэд уншдаг, одоогийн нөхцөл байдалын талаар асуулаа. Тэгээд ярилцаж явсаар 2008 оны 11 сарын 21ний өдөр биеэр очиж илтгэл биш яриа, чөлөөт уулзалт маягийн юм хийхээр тохиров. Тэр уулзалтанд дор хаяж 11 жилийн 100 хүүхэд, дээрээс нь тэндхийн компьютерийн сургуулийн хүүхдүүд, багш нь ирнэ гэсэн. Сэтгэл их хөдлөсөн.

Хамгийн гоё нь би ерөөсөө бодож санаагүй зүйлсийг тэд сэтгэн, зөндөө их сэтгэл гарсан явдал юм. Жишээ нь: зөөлгөхөөр тэндээс нэг жижиг машин явуулна /замын машин нэг хүн 3500 төг гэсэн/, тэндээ зар тараагаад зөндөө олон хүн цуглуулсан, нэг ирж байгаам чинь эрүүл агаарт гараад ав гээд сурагчийн дотуур байрандаа хонуулна /5 ортой юм билээ/, өнөөдөр бүүр уулзалтын хөтөлбөр хийгээд явуулсан байх юм.. Бүх хүмүүс хүлээгээд догдолж байгаа гэсэн. Энийг нь сонсохоор бүүр хайр хүрээд болдогүй.

Дотуур байр.


Яриа хийх тэнхим.


Яриа, цагийн хувьд:


Одоогоор надтай хамт 3,4 архаг блогчид явна гэж яриад байгаа бөгөөд тэдэнд үнэхээр их талархаж байна. Алс хөдөө байгаа тэр хөөрхөн хүүхдүүд компьютер гээч юмыг ашиглаад, галт үнэгээр интернэт гээчийг мэдээд, дээрээс нь Монгол блогоо уншаад явна гэдэг чинь том дэвшилт гэж бодож байна. Тийм ч учраас тэдний ирээдүйд өөрийн чадах өчүүхэн хувь нэмрийг оруулах юмсан гэж хичээгээд л.. Манай мундаг блогчид энэ ажилд маань туслах байх өө тэ. Цаг нь давчуу ч сэтгэл гаргаад хийвэл бүх юм бүтнэ бизээ. Юутай ч уулзаж ирээд сонин хачингаа дуулганаа.

Блогчдын бичлэгүүд хэвлэлд нийтлэгдсээр ..

|

Зиа хожуу дуулгаж байгаадаа хүлцэл өчиж байнаа.

Монголын блогчдын холбоо нийт блогчдынхоо бичлэгийг сонинд хэвлүүлэх, телевизээр нэвтрүүлэх, эмхэтгэл болгон хэвлүүлж захын хорооллын иргэдэд тараах гэсэн үйл ажиллагааны зорилттой байгааг эрхэмүүд мэдэж байгаа биз ээ. Тэгвэл энэ ажлын хүрээнд өнгөрсөн бямба гаригт "Өдрийн сонин"-ын дугаарт "Блог ертөнц" хэмээн нэрлэгдсэн бүтэн нүүр дүүрэн блогчидын бичлэг хэвлэгдэн гарлаа. Мөн тус сонины Daily news.mn вэб сайтад тавигдсан байна.

"Блог ертөнц"-д:

- GoGo.blog-ийн Үлэмж блогийн "Дарангуйлагчийн дурсгалыг хүндэтгэсэн нь ба арван жилийн хөгтэй явдал",

-Борооны дараа блогийн "За байз өө, яажшуухан мөнгөтэй болдийм билээ",

-Banjig.net блогийн Хашир Анжигай ингэж хэлэв блогийн "Монгол бүсгүйчүүдээ эрчүүд бид л өмөөрнө шүү дээ" болон "Монголчуудын цусанд нь байнаа, тэр тамын тогооны үлгэр" бичлэгүүд орсон байна.

Ингээд цаашид Монголын блогчидын холбоо үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байх болно. Дашрамд хэлэхэд Монголын өдөр тутмын томоохон сонин дээр блогчидын үзэл бодлыг хэвлэн нийтлэхэд тусалсан Стормидоо баярлалаа гэж хэлье.

Анхаарал тавьсанд баярлалаа

Блогчид Баабартай уулзлаа

|

Блогчид Баабартай уулзлаа. Уулзалт 11 цагаас гэж төлөвлөсөн ч цагаасаа бараг нэг цаг гаруйн дараа эхэлсэн юм. Түүнийг ирсний дараа бид асуулт хариултаа юун түрүүнд “Монголын блогчидын холбоо” гэдэг байгууллага байгуулаад түүнийхээ нэрийг авах гэтэл “блог” гэдэг үгийг орчуулж ир гээд байна яах вэ гэсэн “зовлонт” асуултаар эхэлсэн юм. Харин энэ асуултанд тэрээр тун хурдан бас хөгжилтэй хариулсан нь “Г У Ц” гэж хэл гэсэн хариулт байлаа. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын ажилчид цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж чаддаггүй, юм мэддэггүй гээд л ярьж өгсөөн, хэхэ.

Тэгээд эрхэм блогчидод маань уулзалт ярилцлага таалагдсан гэж бодож байна. Хэрвээ хүсвэл цөмөөрөө улиралд нэг удаа хүн амьтантай уулзаж, ярьж хөөрч, санаа бодлоо солилцож байя.

Жичэд нь хэлэхэд манай блогийн уулзалтыг хүндэтгэн ирж, бидэнд тус дэм болсон блогспотын эрхэм анд Микадаа туйлаас баярлаж буйгаа илэрхийлэхэд таатай байна.

Уулзалтанд хүрэлцэн ирсэн нийт блогчид, блог уншигчиддаа баярласан талархсанаа илэрхийлж байна.